images

Үйлчилгээний байгууллагууд болон иргэд хуванцар соруулаас татгалзаж эхэллээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-05-30


   Монгол улсад төдийгүй дэлхий дахинд тулгамдаад буй байгаль орчны олон асуудал байдгаас хог хаягдлын асуудал нь хүмүүсийн амьдралын хэвшил, хэрэглээнээс шалтгаалан үүсэж байна. Жил бүр 19-23 сая тонн хуванцар хог хаягдал усны экосистемд урсаж гол мөрөн, нуур, далай тэнгисийг бохирдуулдаг. “Хатуу хог хаягдлын данс 2022” оны судалгаагаар Монгол улсад жилд 192.700 тонн хуванцар хаягдал үүссэнээс нэг удаагийн хуванцар соруулын хаягдал 17 тонн байна. Нэг удаа хэрэглээд хаядаг хуванцар соруул ийм хэмжээний хаягдал үүсгэж хөрсний бохирдол болж байгаа нь харамсалтай. Тэгвэл “Зориг” сангаас 14 дэх удаа хэрэгжүүлж буй “Байгаль орчны манлайлал хөтөлбөр”-ийн "Экоруул" баг нэг удаагийн хуванцар соруулаас татгалзах аяныг санаачилж үйлчилгээний байгууллагууд болон хэрэглэгчдийг ийм соруулаас татгалзахыг уриалж байна.

   Хуванцар соруул нь бусад нэг удаагийн хэрэглээнээс ялгаатай нь зайлшгүй шаардлагатай биш, тэвчиж болохуйц бөгөөд дахин боловсруулах боломжгүй хуванцрын төрөлд багтдаг. "Экоруул" төслийн багаас аяны хүрээнд өдөр тутамдаа кофе шоп, түргэн хоолны газруудаар үйлчлүүлдэг 25-35 насны 100 хүнээс судалгаа авсан бөгөөд оролцогчдын 64% нь соруулыг дахин боловсруулах боломжтой гэж боддог буруу ойлголттой, 45% нь нэг удаагийн хэрэглээндээ санаа зовдог бол 66% нь үйлчлүүлж байгаа газарт нь хуванцар соруул байхгүй тохиолдолд хэрэглэхгүй гэсэн үр дүн гарчээ. Иймд төслийн баг хуванцар соруулын хэрэглээг байгууллага болон хэрэглэгчидтэй хамтран бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд мэдлэг ойлголт түгээх зорилготойгоор “Экоруул” төслийг хэрэгжүүлж байна. Тэд үйлчилгээний байгууллагуудтай хамтран хуванцар соруулыг эх үүсвэр дээр нь бууруулахаар кофе шоп, ресторан зэрэг 8 үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллажээ. Одоогоор "Экоруул"төслийг дэмжиж ажиллан аянд нэгдээд буй кофе шоп, үйлчилгээний газруудаас дурдвал:

  • "Big Grill" солонгос хоолны ресторан
  • "Coffee namu" сүлжээ кофе шоп
  • "Ulaanbaatar coffee culture" кофе шоп
  • "The music cafe" кофе шоп
  • "Freyacelina" art cafe
  • "Coffeeterria" кофе шоп

   Төслийнхөн цаашид илүү олон үйлчилгээний байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байгальд ээлтэй, хариуцлагатай соёлыг түгээхийг зорьж байна.

Инстаграм хаяг: Ecoruul

ТАНД СОРУУЛ ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ ЮУ?

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Ecoruul (@ecoruul) 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.